Friday, Sep 10th

Сүүлийн шинэчлэл:06:35:01 AM GMT

Та одоо энд байна: Халуун сэдэв

Арай ч дээ С.Ламбаа сайд аа

И-мэйл Хэвлэх PDF

Ариутгах чадваргүй уусмал хэрэглэх тушаал гаргаснаас нярайн халдвар гарсан юм биш үү

-“Монхимо” ХХК ариутгах чадваргүй болсон Тамедин, Химодин уусмалыг эрүүл мэндийн салбарт шахаж байна-

Энэ оны нэгдүгээр сард Клиникийн нэг, хоёрдугаар амаржих газруудад нярайн халдвар гарч, 20 гаруй хүүхэд өвчилж, дөрвөн нярайн амь насыг авч одсон. Тухайн үед холбогдох байгууллагууд нярайн халдвар гарсныг эмнэлгүүдийн бохир заваан байдалтай холбон тайлбарласнаар улсаас өдий төдий хөрөнгө гарган амаржих газруудын байрыг засварлаж, төрөх эхчүүдийг “Ачтан”, “Таны төлөө бид” гэх мэт хувийн эмнэлгүүдэд хуваарилан хэвтүүлж байсан. Хачирхалтай нь эхчүүдийг амаржих газраас нүүлгэн шилжүүлсэн ч “Ачтан”, “Таны төлөө бид” эмнэлгүүдэд төрсөн хүүхдүүдийн биеэр идээт тууралт гарч, тархи, нугас идээлэх зэргээр нярайн халдвар гарсаар байжээ. Гэсэн ч холбогдох байгууллагууд энэ асуудлыг ор тас нууцалсан байна. Ингээд удалгүй төрөх эмнэлгүүд ч их засварт орж, салбарын удирдлагууд нярайн халдвар дахин гарахгүй гэдгийг баталж, эмнэлгүүдийн нээлтийг сүржин гэгч нь тэмдэглэсэн.

Гэтэл эмнэлгүүд ашиглалтад ороод удаагүй байтал зургадугаар сарын 30-наас долдугаар сарын тавны хооронд Клиникийн нэгдүгээр амаржих газар  нярайн халдвар дахин дэгдэж, эрүүл мэндийн салбарынхныг түргэн авахуулсан. Энэ мэдээлэл хэвлэлийнхний сонорт хэдийн хүрсэн боловч салбарын удирдлагууд нярайн халдвар гарсныг эрс үгүйсгэж, гарцаагүй байдалд орсон зарим дарга нар нярайн халдвар бараг л байх ёстой мэтээр тайлбар өгч байсан юм.

I амаржих газарт засвар хийсний дараа дөрвөн нярай халдвар авчээ


Клиникийн нэгдүгээр амаржих газрын нярайн тасагт зургадугаар сарын 30-ны 15 цагийн үед иргэн А, А нарын хүүхдүүд хүндээр өвчилжээ. Тэднийг үзсэн зөвлөх эмч З.Гэрэлмаа хүүхдүүдийг нярайн халдварын сепсисээр өвчилсөн болохыг тогтоосон байна. Ингээд эмчилгээтэй байсан есөн нярайг гурван хэсэгт хувааж, ариутгасан тасаг руу шилжүүлжээ. Тус амаржих газрын халдвар судлаач эмч н.Мөнхжаргал 30-ны орой нярайн халдвар авсан хүүхдүүдийн мэдээллийг ХӨСҮТ-д мэдээлснээр долдугаар сарын хоёронд тус төвийн  мэргэжилтнүүд ирж эмнэлгийнхэнд зөвлөгөө өгсөн байна. Халдвар авсан нярайн шинжлгээний хариугаар иргэн А-гийн долоон хоногтой нярай, иргэн А-гийн таван хоногтой нярай Staphylacoccus aureus, Klebsiella oxytoca гэх тус бүр хоёр төрлийн нян, иргэн Б-гийн найман хоногтой нярай Klebsiella oxytoca гэх нэг төрлийн нян, иргэн М-ийн зургаан хоногтой нярай Staphylacoccus aureus, Entercoccus faecini гэх хоёр төрлийн нянгийн халдвараар өвчилсөн болох нь тогтоогджээ. Дөнгөж төрсөн нярайд хоёр төрлийн маш хүчтэй халдварын нян хавсарч ургасан нь тухайн улсад нярайн халдвар ямар хүнд түвшинд очсоныг харуулж байгаа хэрэг гэнэ. Бусад улс орны хувьд ийм төрлийн нян хавсарч ургасан тохиолдол маш ховор үзэгдэл байдаг аж. Гэтэл манай улсад нэг дор гурван хүүхдэд давхар халдварласан явдал нь ДЭМБ-ын түвшинд яригдах хурцадмал асуудал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Эдгээр нянгуудыг эмчлэх эм, тариа манай улсад бараг байхгүй бөгөөд гадаадаас өндөр үнээр захиалж авч ирсэн антибиотик эмээр дардаг аж. Нэгдүгээр төрөхөд халдвар авсан гурван нярайн ар гэр хөрөнгө мөнгөний боломжтой хүмүүс байсан учраас нэг бүр нь 800 мянган төгрөгөөр зарагддаг Yancomycini гэх антибиотикийг ОХУ-аас захиалан авч ирж халдварыг даржээ. Хэдийгээр нярайн халдвар хүчтэй эмэнд дарагддаг боловч бүрэн устах боломжгүй гэнэ. Иймд нярайн халдвар хэдэн жилийн дараа хурцаар илэрдэг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.              

Харин нэгдүгээр төрөхөд гарсан нярайн халдвар азаар хүүхдүүдийн амь наснаас холуур өнгөрсөн тул асуудал тэгсхийгээд намжжээ. ЭМЯ-наас уг асуудлыг тас нууцлахыг үүрэгдсэнээр тус эмнэлэгт нярайн халдвар бус өөр төрлийн хөнгөн өвчин гарсан гэдэг мэдээллээр хэвлэлийнхний амыг тагласан байна. Үүнээс харахад цаашид амаржих газруудад нярайн халдвар гарахгүй гэх баталгаа алга.

Манай улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа эх нялхаст нүүрлээд буй нярайн халдвар юунаас болж гарсныг ЭМЯ өнөөг хүртэл нарийвчлан тогтоож чадахгүй байгаа гэхэд хилсдэхгүй. Учир нь нэг, хоёрдугаар амаржих газруудад гарсан нярайн халдвар эмнэлгийн бохир заваан орчноос үүдэн гарсан бол засвар хийсний дараа нэгдүгээр амаржих газарт төрсөн дөрвөн нярай дахин халдвар авах ёсгүй.

Гуравдугаар амаржих газарт гарсан нярайн халдварыг нууж байжээ

Иймэрхүү төрлийн  нярайн халдвар зөвхөн нэг, хоёрдугаар амаржих газарт ч бус Клиникийн гуравдугаар амаржих газар, хөдөө орон нутгийн эмнэлэг гээд сүүлийн арваад жилийн турш маш олон эмнэлгүүдэд гарч байжээ. Гуравдугаар амаржих газрын тухайд 2004 оны дөрөвдүгээр сард дөрвөн нярайн бие дээр улаан тууралт гарчээ. Хэдийгээр энэ нь нярайн халдвар болох нь тогтоогдсон боловч амь насанд нь нөлөөлөөгүй учир мөн л дарагдсан байна.

Гэхдээ өөрсдийгөө өмгөөлсөн эмч нарын ярьж байгаа шиг бүх эмнэлэгт нярайн халдвар гараад байна уу гэвэл бас үгүй. Манай улсын хамгийн их ачаалалтай, хөл хөдөлгөөнтэй гэгддэг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд сүүлийн арван жилийн дотор нэг ч удаа нярайн халдвар гараагүй нь ихээхэн гайхал төрүүлж буй. Тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдээс бусад эмнэлгүүдэд хавтгайрчихаад байгаа нярайн халдварын талаар тодруулахад эхчүүдийг төрөх үед хэрэглэж буй ариутгагч бодисуудаас үүдэлтэй гэдгийг хэлж байгаа юм. Учир нь “Монголын тархвар судлалын хөтөлбөр” байгууллагаас хийсэн судалгаагаар өнгөрсөн нэгдүгээр сард нярайн халдвараар өвчилсөн 21 хүүхдийн 71.4 хувь нь буюу 15 хүүхэд кесаревы хагалгаагаар төрсөн байжээ. Иймээс нярайн халдварыг хагалгаа хийх болон төрөх үед хэрэглэдэг ариутгалын бодисын чанар, стандартын шаардлага хангахгүй байгаагаас үүдэлтэй гэдгийг Эх нялхсын эмч  нар онцолж байгаа юм. Манай улсын хувьд ЭМ-ийн сайдын тушаалаар эмнэлгийн төрөх өрөө, хагалгааны талбай, мэс засалчийн гар, багаж хэрэгслийг ариутгахдаа Тамедин 0.7, 2.5 хувь, Химодин 0.5 хувийн уусмал хэрэглэнэ гэж заасан байдаг аж. Гэтэл ийм бага концентрацитай ариутгагч бодис ямар ч нянг устгаж дийлэхгүй гэнэ. Сайдын дээрх тушаалыг үндэслэн амаржих газрууд төрөх өрөө болон хагалгаа хийх талбай, мэс  засалчийн багаж хэрэгслийг ариутгахдаа Тамедин гэх халдваргүйжүүлэх бодисыг 0.7-2.5 хувийн уусмалаар хэрэглэдэг байна. Харин одоогийн эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэж байгаа Тамедин, Химодины хувь хэмжээ нь эмнэлгийн ердийн нөхцөлд хэрэглэх олон улсын стандартаас 2-12 дахин бага, эмнэлгийн орчинд тэсвэржсэн бактери, вирус, мөөгөнцөр зэргийг устгах олон улсын стандартаас 3-4 дахин бага болох нь тогтоогджээ. Ийм нөхцөлд нянг устгах үүрэгтэй ариутгагч бодисууд няндаа дасан зохицож, үржсэнээр нярайн халдвар гарах нөхцлийг бүрдүүлдэг байна. 

Харин олон улсын жишгээс үзвэл манай улсад хэрэглэгдэж байгаа ариутгалын Тамедин, Химодин гэх уусмалууд нь аль эрт үеэ өнгөрөөсөн бөгөөд одоо ихэнх орнууд Повидион иод гэх шинэ төрлийн уусмалаар ариутгал хийдэг болжээ. Уг уусмалыг мэс заслын үед ариутгахдаа 7.5 хувиар хэрэглэдэг аж. Дэлхий нийтээр Тамедин, Химодин уусмалаас татгалзсан нь аливаа нянг устгахад нэг төрлийн уусмалыг олон жил ашиглавал нян нь сүүлдээ устгагч бодистойгоо дасан зохицдогтой холбоотой гэнэ. Иймээс дэлхий нийтийн эрүүл мэндийн байгууллагууд хуучин хэрэглэж байсан уусмалаас татгалзаж байхад манай улс улам өргөн хэрэглэдэг болжээ.

Ариутгах чадваргүй болсон Тамедин, Химодины үүсэл

Хамгийн аймшигтай нь Тамедин, Химодиныг эрүүл мэндийн салбарт өргөн хэрэглэж байгаа шалтгаан нь нэг төрлийн шахааны бизнес гэж ойлгож болно.

Одоо хэрэглэгдэж байгаа Тамедин, Химодин гэх уусмалуудыг дотоодын “Монхимо” ХХК үйлдвэрлэдэг. Тус  компани эдгээр ариутгагчийг шинэ төрлийн бүтээгдэхүүн хэмээн зарлаж, ариутгах чадвар өндөртэй хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийнхний толгойг эргүүлж чадсан байна. Ингээд 1998 онд тус төвийн захирлын тушаалаар эмнэлэгт хэрэглэх зааврыг баталгаажуулж байжээ.

Гэтэл “Монхимо” ХХК 1998 онд Тамедин, Химодин уусмалуудыг өөрийн үйлдвэрийн шинэ брэнд хэмээн зөвшөөрүүлсэн ч яг үнэндээ дээрх хоёр төрлийн уусмал нь 30-аад жилийн өмнө тухайн үеийн ЗХУ-д хэрэглэгдэж байгаад орхисон талаар анагаах ухааны сурах бичигт тэмдэглэгдэн үлджээ. Тухайлбал ЗХУ-ын үед Тамединыг Йоднат, Химодиныг Йодинол хэмээн нэрлэдэг байсан аж.

Үүнээс гадна ариутгах чанартай Ариун, Санитол гэх уусмалуудыг эрүүл мэндийн салбарт шахжээ. Ариун уусмал нь мөн л ОХУ-д үйлдвэрлэгдсэн Дезэффект-санит гэдэг уусмал бөгөөд 2002 оноос эхлэн эрүүл мэндийн салбарт нийлүүлсэн байна. Харин ариутгах зориулалттай Санитол уусмалыг өнгөрсөн онд гахайн ханиад гарсантай холбоотойгоор H1N1 вирусийг устгах чадвартай хэмээн зах зээлд нийлүүлжээ. ДЭМБ-аас “Монхимо” ХХК-д үйлдвэрлэсэн гэх Санитолыг ариутгах чадваргүй учир эмнэлэгт хэрэглэх боломжгүй гэж үзсэн байна. 

Энэ мэтээр “Монхимо” ХХК олон улсад хэрэглэгдэж байгаад хасагдсан уусмал, био бэлдмэлүүдийн нэр томъёог өөрчлөн шинээр өөрсдөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн мэтээр патент авдаг болжээ. Тус компани ингэж өөр орны бүтээгдэхүүнийг хулгайлахдаа Монголд оруулж ирээд тухайн уусмалыг дахин шингэлэх замаар нэг уусмалаас дор хаяж 3-4 уусмал гаргаж ашиг олдог байна.

Саяхнаас тус компанийн үйлдвэрлэсэн Тамедин, Химодин, Ариун, Санитол уусмалтай холбоотой дээрх асуудал сөхөгдөж, уусмалын ариутгах чадвар алдагдсан байж болзошгүй гэх мэдээлэл гарах үед “Монхимо” ХХК Тамедин уусмалаа олон улсад хэрэглэж байгаа Повидион иод хэмээн рекламдах болжээ. Ингэхдээ Тамедины концентрацийг 1-7.5 хувь болгон өсгөж, хөөс хэлбэрээр найруулдаг болсон байна. Гэсэн ч хөөс нь мөн л хэрэглэгчийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэнэ. Ингэхээр олон улсын хэрэглээнээс нэгэнт хасагдсан бүтээгдэхүүнийг яаж ч өөрчилсөн хэрэглэгчийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг аж. 

Иймээс “Монхимо” ариутгах чадваргүй Тамедины уусмалыг эмнэлэгт нийлүүлснээр нярайн халдвар гарсан нь тогтоогдвол төрийн төсвөөс бэлэн цохидог орлого нь хаагдаж, үндсэндээ дампуурна гэсэн үг. Харин “Монхимо” компани ЗХУ-ын хоцрогдсон уусмалыг дахин шингэлж, эрүүл мэндийн салбарт ашгийн төлөө шахаж, нярайн халдвар гарах эхлэлийг тавьсан нь нотлогдвол тус компанийн эздэд эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл бүрдээд байгаа ажээ.   

Хэдийгээр аливаа байгууллага ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ч эрдэнэт хүний амь настай холбоотой асуудал дээр мөнгөнөөс болж бүхэл бүтэн улсын эрүүл мэндийн салбарыг доройтуулна гэдэг байж боломгүй санагдана.

Хулгайн бизнесээр гаршсан “Монхимо” ХХК-ийн үүссэн түүх

“Монхимо” компанийг 1998 онд МУИС-ийн химийн багш Д.Дэмбэрэлнямбуу, эхнэр н.Ариунаатай хамтран байгуулагджээ. Тухайн үед ЭНЭШТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникт эмнэлгийн дотоод халдвар гардаг байж. Эмнэлгийн захиргаанаас олон төрлийн ариутгагч бодис хэрэглэх шийдвэр гаргасан ч төдийлөн үр дүнд хүрээгүй байна. Иймээс ЭНЭШТ-ийн их эмч Г.Санждорж МУИС-ийн химийн багш Д.Дэмбэрэлнямбуутай хамтран халдвар дарах ариутгагч уусмал бэлтгэхээр болжээ. Ингээд 1998 оны аравдугаар сар хүртэл олон төрлийн уусмал, бодист судалгаа шинжилгээ хийсний эцэст Д.Дэмбэрэлнямбуу, эхнэр н.Ариунаатайгаа ОХУ-д хэрэглэгдэж байгаад орхигдсон уусмалыг Тамедин хэмээн нэрлэж ашиглах санал гаргажээ. Тухайн үед дээрх бодис нь эмнэлгийн нөхцөлд ариутгал хийж болох байсан ч өвчтэй хүнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэх баталгаагүй байв. Иймээс ЭНЭШТ-ийн их эмч Г.Санждорж дээрх уусмалыг мэргэжлийн байгууллагын лабораторид шинжлүүлэх гэсэн боловч ОХУ-аас хуулбарласан аргачлалаа нууцлах хэрэгтэй гээд Д.Дэмбэрэлнямбуу, н.Ариунаа нар эрс эсэргүүцсэн байна. Үүнээс шалтгаалан тэдний зам салж, Д.Дэмбэрэлнямбуу, н.Ариунаа нар “Монхимо” гэх компани байгуулан дээрх лабораторийн шинжилгээгүй уусмалаа Тамедин гэх нэрээр зарж борлуулж эхэлжээ. Тухайн үед уг бодисыг хэрэглэсний дараа хүний биед ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхийг сайтар шинжлээгүйгээс дөнгөж төрсөн хүүхдүүд бөөн бөөнөөрөө нярайн халдвараар өвчлөх болсон гэнэ.

Хамгийн гол нь одоогийн эрүүл мэндийн салбарт өргөн хэрэглэгдэж байгаа Тамедин, Химодиныг нийлүүлж буй “Монхимо” ХХК-ийн захирал Д.Дэмбэрэлнямбуу уг уусмалыг анхнаасаа ашгийн төлөө хийж эхэлсэн байна. Учир нь 1998 онд Д.Дэмбэрэлнямбуу бусдад их хэмжээний өртэй байснаас ашиг олох боломжоо алдахгүй тулд ариутгагч уусмалдаа шинжилгээ хийлгэхээс эрс татгалзжээ.

Сайд аа салбараа мэдэхгүй байж эмч нарынхаа саналыг харгалзаж үзвэл яасан юм бэ


Мэргэжлийн лабораторийн шинжилгээгүй уусмалыг ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албанаас яагаад эмнэлэгт хэрэглэхийг зөвшөөрсөн нь бас сонирхолтой.

2000 онд Тамедин, Химодин гадуур ихээр худалдаалагдаж эхэлсэн тул ЭНЭШТ-ийн их эмч Г.Санждорж чанарын шаардлага хангаагүй гэдгийг Эм био бэлдмэлийн улсын албанд мэдээлсэн байна. Энэ дагуу тус албанаас дээрх уусмалыг хэрэглэхийг хориглосон аж. Гэсэн ч эмнэлгүүд хэрэглэсээр байсан тул их эмч Г.Санждорж “Монхимо” ХХК-ийн захирал н.Ариунаагаас “Уусмал хэрэглээд хүний амь нас хохирч, элдэв халдвар дэгдвэл хэн хариуцах юм бэ” хэмээн асуухад “Хүн үхвэл ЭМШУИС-ийн Эм зүйн сургуулийн багш Эрдэнэцэцэг, халдвар гарвал ХӨСҮТ-ийн халдварын тархалт, менежментийн ажилтан Дашцэрэн нар хариуцна” гэжээ. Лабораторийн шинжилгээгүй Тамедин, Химодин уусмал ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн шалгуурыг төвөггүйхэн давсан шалтгаан нь ердөө л ХӨСҮТ-ийн халдварын тархалт, менежментийн ажилтан Дашцэрэнтэй холбоотой байжээ. Ингэснээр ХӨСҮТ-ийн захирал Тандалт судалгааны төвөөс ирүүлсэн бүтээгдэхүүний оношийг баталгаажуулж, улмаар ЭМ-ийн сайд Тамедин, Химодиныг эрүүл мэндийн салбарт хэрэглэхийг тушаасан байна. Учир нь ЭМ-ийн сайд аливаа ариутгал халдваргүйтгэлтэй холбоотой тушаал шийдвэр гаргахдаа ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийн саналыг үндэслэн гаргадаг. Ингэж “Монхимо”-гийн бүтээгдэхүүн Тандалт судалгааны төвийн босгыг давснаар салбарын сайдын тушаалд багтах боломжтой болжээ.   

Иймд эрүүл мэндийн салбарын анхан шатны нэгжийн буруутай үйл ажиллагаанаас болж ЭМ-ийн сайдын гаргасан тушаал хүний амь насанд хүрчихээд байгаа гэхэд болно. ЭНЭШТ-ийн эмч, мэргэжилтнүүд энэ асуудлаар салбарын сайд С.Ламбаа, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарт албан бичиг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй байгаа гэнэ.

Нөгөөтэйгүүр энэ асуудалд хяналт тавих үүрэгтэй мэргэжлийн байгууллагуудыг буруутгаж болно. Тухайлбал эм, био бэлдмэлийн чанар аюулгүй байдлыг хянан шалгах үүрэгтэй МХЕГ сүүлийн арваад жилийн турш хууль бусаар био бэлдмэл, уусмал бэлтгэж байгаа “Монхимо” ХХК-ийн Тамедин, Химодин бодисуудын үүсэл гарлыг нарийвчлан судлаагүй аж.

Тиймээс Эрүүл мэндийн сайд С.Ламбаа тангараг өргөсөн эмч нарынхаа эрдэм шинжилгээний үндэслэлтэй мэдээллийг харгалзаж үзэж, буух эзэн буцах хаяггүй болчихоод байгаа дөрвөн нярайн нас барсан шалтгааныг тогтоох шаардлагатай байна.

Ингэж чадвал эрүүл мэндийн салбарын доройтол бага ч болов арилж, дөнгөж төрсөн үрээ эмнэлгээс шалтгаалах халдвараар алдсан дөрвөн эхийн сэтгэл жаахан ч болов тайтгарах биз ээ.

Б. Даваахүү

С.Жавхланг харахаар...

И-мэйл Хэвлэх PDF


Сүүлийн үед МУГЖ С.Жавхлан жинхэнэ Монгол хүний шийр зааж зуны аагим халуунд дээл, гутал өмсч олныг үлгэрлэх болов.

Дэлгэрэнгүй...

МАСЗХ-ны шинэ ерөнхийлөгч хэн бэ?

И-мэйл Хэвлэх PDF



МАХН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо (МАСЗХ)-ны дөрөвдүгээр их хурлыг энэ сарын 15-18-нд хийхээр товлосон.

Дэлгэрэнгүй...

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийг АТГ шалгаж эхэлжээ

И-мэйл Хэвлэх PDF


Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэмээн АТГ-аас шалгаж эхэлсэн байна.

Дэлгэрэнгүй...

МАХН-ы бага хурлаар 3 асуудал хэлэлцэнэ

И-мэйл Хэвлэх PDF

Өнөөдрийн хуралдаанаар намын их хурлыг товлоно. Энэ асуудалтай уялдаатайгаар намын дарга С.Батболд МАХН-ын шинэчлэлийн талаар илтгэл тавих аж.

Дэлгэрэнгүй...

МАХН-ын бага хурлын өмнөх цүү хаялт

И-мэйл Хэвлэх PDF

 

Н.Энхбаяр гэдийж байгаа гэнэ. Тэрбээр МАХН-ын экс дарга С.Баярыг "Сөрөг хүчнийхэнтэй хамтарч, намайг Ерөнхийлөгчийн сонгуульд унагасан" хэмээн мэдэгдсэн нь Монголын улс төрийн хамгийн том хүчний нөлөө бүхий хоёр лидерийн дунд "гал" хэдийн ассаныг тодорхойлсон явдал байлаа.

Дэлгэрэнгүй...

“Айвенхоу майнз”-ийн лицензтэй талбайгаас түүхийн дурсгал олджээ

И-мэйл Хэвлэх PDF

Монгол оронд хамгаалалтгүй олон түүхийн үнэт дурсгалууд хөдөө орон нутагт байдаг билээ.

Дэлгэрэнгүй...

ГЭРЭЭГ НЬ ЦУЦЛАХААР БОЛЛОО

И-мэйл Хэвлэх PDF

Ажлаа цаг хугацаанд нь хийгээгүй, гэрээнийхээ үүргийг удаа дараа биелүүлээгүй авто замын хэд хэдэн компанитай байгуулсан гэрээг цуцлахаар болов.

Дэлгэрэнгүй...

Хуудас 1 -с 55