
УОМ-302 онгоцноос гялгар ууттай 1.5×15 см-ын хэмжээтэй бор өнгийн капсул бүхий 356 ширхэг бодис илрүүлсэн. Уг бодисыг энэ сарын 20-ны өдөр Гаалийн төв лабораторид шинжлэхэд канабисийн төрлийн мансууруулах бодис болох нь тогтоогдсон билээ.
Эл мансууруулах бодисыг ямар хүн авч явсан болохыг илрүүлэхээр цагдаагийн байгууллага шалгаж байна. Тухайн нислэгт солонгос зорчигчид олон байсан бөгөөд нэг групп болж ирсэн 20 гаруй иргэнийг тосч авсан автобустай нь шалгаж, мэдүүлэг авсан байна. Одоогоор энэ хэрэгт дөрвөн хүнийг сэжиглэн шалгаж байгаа бөгөөд хараахан эцэслэн тогтоогоогүй байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Улсын мөрдөн байцаах газарт хар тамхитай холбоотой 40 гаруй хүн холбогдсон бүлэг хэргийг шалгаж байна. Сүүлийн гурван жилд манай улсад хар тамхины долоон хэрэгт 26 хүн шийтгүүлсэн бөгөөд энэ төрлийн хэрэгт холбогдох хүний тоо өнгөрсөн жилээс эрс нэмэгдэх хандлагатай байгаа ажээ.
О.Эрдэнэ Улаанбаатар таймс